Г.Ойнбаяр: Эцэг эхийн хайр халамж огт үзээгүй хүүхдийн тархи хэвийн нөхцөлд өссөн хүүхдийнхээс өөр байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-21 18:17:35

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр их сургуулиас 14 дэх жилдээ “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.


Тус хурал нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын эрх зүйн хэрэгжилт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, хүүхдийг сургах орчин үеийн арга зүйн асуудлыг олон талаас нь судалсан эрдэмтэн, судлаачдын илтгэл, өгүүллийг хэлэлцүүлэх зорилготой юм.


Өнөөгийн нийгэмд хүүхдийн хүмүүжил илүү эмзэг, анхаарал татсан асуудал болж байгааг судлаачид хөндөөд, олон улсын судалгааны дүнгээс үзэхэд монголын сурагчид механикаар уншиж байгаагаас, мэдээллийг боловсруулах, нэгтгэн дүгнэх чадвар дутмаг байгааг илтгэлүүдэд дурдаж байв. Өөрөөр хэлбэл, орчин үеийн боловсролын зорилго нь зөвхөн уншиж чаддаг биш, харин ойлгож, задлан шинжилж, үнэлж чаддаг, дижитал орчинд хариуцлагатай оролцдог иргэнийг төлөвшүүлэхэд чиглэх ёстой тул дэлхийн сонгодог болон шилмэл уран зохиол уншуулахад эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.


Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа ярихдаа, “Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр Монгол Улсад 950 мянга гаруй өрхөд 1.2 сая орчим хүүхэд амьдарч байгаа нь нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд, залуучууд эзэлж байгааг харуулж байна. Иймд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн хөгжил, хүмүүжилд онцгой анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Хүүхдийн хөгжил, төлөвшлийг зөвхөн суралцах орчин, эцэг эхийн хүмүүжлээр хязгаарлан ойлгох нь учир дутагдалтай. Үүнд нийгмийн оролцоо, хууль эрх зүйн боловсрол, тогтвортой хөгжлийн боловсрол зэрэг олон хүчин зүйл чухал нөлөөтэй. Хүүхдэд орчин үеийн суралцах арга барилыг эзэмшүүлэх, хэрэгцээт мэдээллийг шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх асуудалд эрдэмтэн, судлаачид олон талт судалгаа хийж, туршлагаа энэхүү хурлаар солилцож байна. Монгол Улсын төрөөс хүүхдийн хөгжлийн чиглэлд тооноос илүү чанарт анхаарах бодлого баримталж байгаа нь эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлаас илт харагдаж байна. Хурлын үр дүнд гарсан санал, зөвлөмжийг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргэхийн зэрэгцээ эмхэтгэл болгон хэвлүүлдэг. Энэ нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын чухал гарын авлага болдгоороо онцлог” хэмээв.


Отгонтэнгэр их сургуулийн багш, профессор Б.Галиндэв ярихдаа, “Өнөөгийн нийгэмд хүүхдийн хүмүүжил илүү эмзэг, анхаарал татсан асуудал болоод байна. Орчин үеийн хүүхдүүд шуугиантай, сонирхол татам, гаднаа ойлгомжтой мэт боловч агуулгын хувьд төдийлөн шүүн тунгаагдаагүй мэдээлэл, кино, цахим орчны нөлөөнд автсан орчинд өсөж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг эх, ойр дотныхны яриаг сонсохоосоо өмнө, уран зохиолын сайн бүтээлтэй танилцахаасаа өмнө дэлгэцээс мэдээллээ авч, улмаар өөрийн үнэт зүйл, зөв буруугийн ойлголтыг төлөвшүүлж байна. Энэ нь зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай. Иймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдтэйгээ хамт дэлхийн сонгодог болон шилмэл уран зохиолын бүтээлийг уншиж, түүнийгээ ярилцан, сэтгэгдэл, бодлоо солилцох нь хүүхдийн хүмүүжилд онцгой ач холбогдолтой. Мөн уран зохиол унших нь хэлний баялаг үгийн сангаас суралцаж, өөрийгөө зөв, тодорхой илэрхийлэх чадварыг хөгжүүлдэг. Түүнчлэн ой тогтоолт, эргэцүүлэн бодох чадварыг сайжруулахад чухал нөлөөтэй. Иймд сургалт, хүмүүжил, гэгээрлийн чухал хэрэгслийн нэг нь дэлхийн сонгодог болон шилмэл уран зохиол" гэв.


Хуралд 65 гаруй илтгэл ирүүлснээс ажлын хэсэг, редакцын баг нэг бүрчлэн танилцаж, 22  илтгэлийг нэгдсэн болон, хоёр салбар хуралдааны хүрээнд сонсож 43 илтгэлийг эмхэтгэлд хэвлүүлж, нийтийн хүртээл болгожээ.


МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш Д.Ганболд ярихдаа, "Сүүлийн жилүүдэд бага ангийн сурагчдын уншиж ойлгох чадвар хамгийн чухал чадварын нэг болж байна.  

2025 онд улсын хэмжээнд 5 дугаар ангийн 6000 орчим сурагчийг хамруулсан судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар харьцангуй өндөр, харин хөдөө орон нутгийн сурагчдынх сул үзүүлэлттэй гарсан. Улсын дунджийг авч үзвэл бага ангийн сурагчдын уншиж ойлгох чадвар 46-48 хувьтай байгаа нь хангалтгүй түвшин юм.

Олон улсын судалгааны дүн шинжилгээнээс үзэхэд монголын сурагчид ихэвчлэн механикаар уншиж, мэдээллийг боловсруулах, нэгтгэн дүгнэх чадвар дутмаг байна. Сурагчид энгийн ойлгох түвшний даалгаврыг сайн гүйцэтгэж байгаа боловч Блумын таксономийн дээд түвшний буюу задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тайлбарлах, өмнөх мэдлэгтэй холбох зэрэг танин мэдэхүйн даалгаврыг сул гүйцэтгэж байна. Иймд сургалтын хөтөлбөрт чанарын шинэчлэл хийж, зөвхөн хэлбэрийн уншилтад бус, мэдээлэлтэй ажиллах, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйг түлхүү нэвтрүүлж байна. Орчин үеийн боловсролын зорилго нь зөвхөн уншиж чаддаг биш, харин ойлгож, задлан шинжилж, үнэлж чаддаг, дижитал орчинд хариуцлагатай оролцдог иргэнийг төлөвшүүлэхэд чиглэх ёстой" гэв.


ХГБХХЕГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, доктор Г.Ойнбаяр илтгэлдээ, “Хүний насан туршийн ур чадвар бие, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сурлагын амжилт нь хүүхдийн тархины эхэн үеийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Иймд олон улсын хэмжээнд хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр олон судалгаа хийж хамгийн чухал стратегийг тодорхойлохыг зорьсон нь бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж онол, чиг хандлага, тодорхойлолтыг гаргаж ирсэн нь маш ахиц дэвшил болж байна. Бага насны хүүхдийн хөгжлийг үр хөврөл бүрэлдэхээс эхлэн найман нас хүртэлх хүний хөгжлийн үе гэж тодорхойлж, хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, хэл, сэтгэл хөдлөл гэсэн үндсэн чиглэлээр хөгждөг болохыг чухалчилж, эцэг эхийн хайр халамж огт үзээгүй хүүхдүүдийн тархи хэвийн нөхцөлд өссөн хүүхдүүдийн тархины хөгжлөөс өөр болохыг мөн тогтоосон. Үүнийгээ гурван настай эрүүл өсөж буй хүүхдийн тархийг үл хайхрах нөхцөлд өссөн хүүхдийн тархитай харьцуулан эрүүл мэндийн судалгаагаар нотолсон байдаг.


Хүүхдийн тархины хөгжил амьдралын эхний жилүүдэд хамгийн эрчимтэй явагддаг. Судалгаагаар секунд тутамд тархинд 700-1000 шинэ мэдрэлийн холбоос үүсдэг. Энэ нь хүүхдийн хөгжлийн суурь чадварууд маш богино хугацаанд бүрэлддэг болохыг харуулж байна.


Бага насны хүүхдийн хөгжилд хайр халамжаас гадна хоол тэжээл болон өсөлтийн хяналт дархлаажуулалтын асуудал ихээхэн чухал” хэмээн дурдсан байна.


Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын ерөнхий газар,  Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын мэргэшсэн албан хаагчид, их дээд сургуулийн профессор багш нар, Азийн хөгжлийн сангийн судлаачид зэрэг боловсрол, хүүхдийн төлөө судалгаа шинжилгээний оюуны хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэгчид үндсэн илтгэлийг хэлэлцүүлж байгаа аж.



 

Холбоотой мэдээ