Элчин сайдын яамдын газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 15:57:06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улсад суугаа гадаадын зарим орны Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар, олон улсын зарим байгууллагын ашиглаж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулж Засгийн газраас уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт 48 Дипломат төлөөлөгчийн газруудын 47.9 хувь нь өөрийн улсын хөрөнгөөр худалдаж авсан ажлын болон орон сууцны зориулалттай барилга байгууламжтай бол 11 Элчин сайдын яам, 10 Ерөнхий консулын газар болон Консулын газар нь тухайн суугаа орны үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс байр, орон сууц түрээслэж ажилладаг аж. Харин манай улсад суугаа гадаадын 27 Дипломат төлөөлөгчийн газраас 8 нь Монгол Улсын өмчийн, 9 нь тухайн улсын өмчийн, 10 нь манай улсын хувийн хэвшлийн өмчийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Үүнээс Францын соёлын төв, НҮБ, Европын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам, БНАЛУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын Элчин сайдын яам, БНКазУ-ын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь дэмжиж, батлав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ