Нуруу нугасны сүрьеэгийн хамтарсан төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-04-11 12:39:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 3-8-нд БНСУ-ын Сөүл хотод “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ.

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэлхийн сүрьеэгийн тархалтыг зогсоох бодлого: Улс бүрийн хүчин чармайлт” сэдэвт олон улсын семинарт оролцож, Солонгос улсын Парламентын гишүүн, Байнгын хорооны гишүүд зэрэг төр нийгмийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачтай уулзалт хийсэн юм.

Мөн Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Хьюндай мотор Жон Мун Гу сан, Сижин эрүүл мэндийн сан, Сүрьеэ судлалын хүрээлэн, L&K Biomed компани, Соннам хотын Сүжон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагад зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

Энэхүү ажлын айлчлал, уулзалтын үеэр “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх, нуруу нугасны сүрьеэгийн хамтарсан төслийг энэ онд эхлүүлэх талаар ярилцав. Мөн L&K Biomed компани нь Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ-д 300.000 ам.долларын өртөг бүхий нуруу нугасны сүрьеэгийн мэс заслын тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэхээр боллоо.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, ялангуяа нуруу нугасны мэс заслын багийг Солонгос улсад сургах талаар ярилцаж тохиролцлоо гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Холбоотой мэдээ