“Элсний фестиваль-2017” наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Эрээн нуурыг түшиглэн элсний спортыг хөгжүүлэх, гадаад, дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор жил бүр уламжлал болгон “Элсний фестиваль” соёл урлагийн наадмыг энэ жил 2017 оны 7 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд “Эрээн нуур” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа, “Аваргын гараа” хүүхдийн барилдаан, “Шувуун хээрийн унага” дааганы үзэсгэлэн худалдаа, дааган морины уралдаан зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдохоор төлөвлөжээ.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Их монгол элсний өвөрт дуунд мөнхөрсөн байгалийн үзэсгэлэнт “Эрээн нуур” оршдог. Их элс, Эрээн нуурыг түшиглэн элсний спортыг хөгжүүлэх, гадаад, дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор жил бүр уламжлал болгон “Элсний фестиваль” соёл урлагийн наадмыг зохион явуулдаг юм.
Ш.Цоодол