“Олон нийтийн оролцоот сургууль” төслийн хаалтыг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-12 14:17:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Өвөрхангай аймгийн арван суманд хэрэгжсэн “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо.
Олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгээс “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн оролцох оролцоо сул,  хангалтгүй байна” гэсэн асуудал давамгайлсныг шийдвэрлэх хүрээнд дээрх төслийг энэ оны 2 сараас эхлэн хэрэгжүүлсэн юм.
Төсөл хэрэгжсэн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Нарийнтээл,  Хайрхандулаан, Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл хаалтын арга хэмжээнд оролцон тайлангаа тавьж, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн үйл ажиллагаагаа орон нутгийн иргэдэд танилцууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд “Сургуулийн үйл ажиллагаанд аав, ээжүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлсэн тэргүүн туршлагыг аймгийн хэмжээний сургуулиудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарч, түүнд шаардагдах төсөв хөрөнгийг орон нутгаас шийдвэрлэж ажиллана” гэсэн юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ