Хятад, Тайванийн удирдагчид түүхэнд анх удаа уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-04 09:39:44

МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ болон Тайванийн удирдагчид бямба гарагт буюу 11 дүгээр сарын 7-нд Сингапурт түүхэнд анх удаа уулзах гэж байна. Энэ тухай Франс-Пресс агентлаг Тайванийн эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилжээ.

Хятадын дарга Си Зиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю нар “хоёр талын харилцааны асуудлаар санал бодлоо солилцох аж”. Тайванийн засаг захиргааны тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн даргын онцлон тэмдэглэснээр, уулзалтын үеэр ямар нэг гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эсвэл хамтарсан мэдэгдэл хийхгүй байна.

Хятадын төв Засгийн газар болон арлын муж хоорондын албан ёсны харилцаа Чан Кайши тэргүүтэй Гоминьданы цэргүүд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдаж, Тайвань руу зугтсаны дараа 1949 онд тасарсан юм. Тайвань, эх газрын Хятад хооронд ажил хэргийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэжээ. 1990-ээд оны эхээр талууд төрийн бус байгууллагуудын шугамаар холбоо тогтоож эхэлсэн байна.

Хятад, Тайванийн удирдагчид түүхэн дэх анхны уулзалтаа Сингапурт хийх гэж байгааг Бээжингийн эрх баригчид нотолжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ