Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 15:19:18
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт хэлэлцүүлгийг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Увс аймагт явууллаа. Уг хэлэлцүүлгийг Увс аймагт явуулахдаа гурван бүс болгон хуваасан байна.

Увс аймгийн баруун бүсийн зургаан сум болох Бөхмөрөн, Ховд, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь сумдыг хамруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг Өмнөговь суманд болж өнгөрсөн. Харин төвийн бүсийн сумд болох Улаангом, Түргэн, Сагил, Давст, Тариалан, Малчин сумдыг хамарсан сургалт хэлэлцүүлэг Улаангом суманд, зүүн бүсийн сумд болох Хяргас, Зүүнговь, Тэс, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдыг хамарсан сургалт хэлэлцүүлэг Баруунтуруун суманд тус тус боллоо.

Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ш.Хишигсүрэн нараар ахлуулсан ажлын алба хамтран зохион байгуулсан юм. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт олон санал дэвшүүлэн, асуусан асуултдаа хариулт авч идэвхтэй оролцож байлаа. Энэхүү сургалт хэлэлцүүлэгт оролцсон сумдын төлөөлөл болох бэлтгэгдсэн сургагч багш нар нь сум, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар шатыг зохион байгуулах юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ