Даатгуулагч иргэд 50 мянган төгрөгийн үзлэг, оношлогоо хийлгэж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-30 12:56:42
Дундговь /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгуулагч 40,45,50,55,60,65 настай иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хийж эхэллээ.
Дундговь аймагт дээрх насны даатгуулагч 2000 шахам иргэн эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийлгэх юм.
Иргэд хоёр төрлийн багц үзлэгээс сонгож, ЭМД-ын сангаас 50 мянган төгрөгийн үзлэг, оношлогоо хийлгэнэ. Тухайлбал, дотор эрхтний архаг өвчлөл илрүүлэх багцад биохимийн шинжилгээ, элэгний хавдар илрүүлэх, хэвлийн ЭХО оношлогоо, бамбай, умайн дайвар, түрүү булчирхайн үзлэг, хеликобактери тодорхойлох шинжилгээ багтсан байна. Хоёр дахь нь дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх багц бөгөөд үүнийг сонговол мөн биохимийн шинжилгээ, хэвлийн ЭХО оношлогоо хийлгэж, бамбай, үе мөчний үзлэг, эрдэс натри, кальци калиг тодорхойлуулах ажээ.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношлогоог аймгийн төвийн иргэдэд хийж байна. Үүний дараа нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөөгийн сумдад ажиллана. Энэ оныг дуустал үзлэг, оношлогоо үргэлжлэх бөгөөд цаашид 2020 он хүртэл жил бүр энэхүү тусламж үйлчилгээг дээрх зорилтот насны иргэдэд хүргэнэ.

Т. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ