Д.Заяабаатар: Монгол судлалын сэргэлтийн цаг үе ирсэн

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-01 12:02:33
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын Төвийн Үндэстний их сургуулийн /ТҮИС/ урилгаар Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн /МСХ/ захирал доктор, профессор Д.Заяабаатар Бээжин хотод хүрэлцэн ирж, ТҮИС-ийн оюутнуудад Монгол судлалын талаар лекц уншив.
11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн гурав хоногийн турш Монгол хэл бичгийн төрийн бодлого, Орчин цагийн Монгол хэлний харь үгийн хэрэглээ, МУИС-ийн Монгол судлалын холбоо болон Монгол судлалын үйл ажиллагаа, Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо буюу МНТ-ны гадны орчуулга зэрэг сэдвээр 200 гаруй оюутанд лекц уншив. Мөн Монгол судлалын түүх, өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, Монгол Улсын төр засгаас баримталж буй бодлогын талаар танилцууллаа.  
МСХ-ны гол чиг үүрэг нь Монгол судлалын талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, гадаад харилцааг хөгжүүлэх, энэ чиглэлээр сургалт, семинар явуулах юм.
Тэрээр “Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө цаг үед Монгол судлал гэдэг ойлголт маань Монгол улсын түүх соёлын хувьд харахаас гадна эдийн засаг, геополитикийн байр суурь руу шилжиж байна. 2014 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Монгол судлалыг онцгойлон анхаарч дэмжиж байгаа хэдий ч төсөв мөнгөний хангалттай бус байдлаас болж, зарим тохиолдолд хүндрэл бэрхшээл тулгардаг” гэдгийг онцолж байв. 
Доктор, профессор Д.Заяабаатараас дараах асуултад хариулт авав.
 
-Та Монгол судлалын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
Монгол судлал сүүлийн жилүүдэд Монголын төр засгийн зүгээс явуулж буй бодлогын үр нөлөөгөөр дотоод болон гадаадад өмнө байсан түвшинээс ахисан, сэрж сэргэж байгаа ийм цаг үе гэж тодорхойлно. Учир нь энэ чиглэлээр сүүлийн үед явуулж буй үйл ажиллагаа, хэвлэгдэн гарч буй ном бүтээл, Монгол судлалын төвүүдийн идэвхи санаачилгаас харахад энэ цаг үе бол гарцаагүй Монгол судлалын сэргэлтийн цаг үе.
 
-Таны ярианаас би төсөв мөнгө хангалттай байдаггүйн улмаас зарим тохиолдолд томоохон ажил арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг гэж ойлголоо?
Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж хэлж байгаа шүү дээ. Монгол судлалд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлээд, энэ чиглэлд тусгай дэмжлэг үзүүлэх  шийдвэр бол онцгой ач холбогдолтой. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад  далайцтай үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Одоо байгаа дэмжлэг, олгож байгаа боломжийг бид зөв зарцуулж, Монгол судлалын хөгжилд зохистой хувь нэмэр оруулах үйл ажиллагаанд зориулаад явж байна. Цаашид улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэх үед Монгол судлалын салбарт зарцуулах санхүүгийн хэмжээ, тавих анхаарал өсч, тэр хэрээрээ Монгол судлалын хөгжил дэвшил ахина гэж харж байна даа. Монгол судлалын төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа.
 
-МСХ одоо ямар үйл ажиллагаа явуулж байна? Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлууд юу байна?
Үндсэндээ судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллаага явуулж ирсэн. Бид 12 дугаар сарын сүүлээр Мин улсын судар гэж Монгол түүхийн сурвалжийн Монгол улстай холбоотой хэсгийг Хятад хэлнээс орчуулж, тайлбартайгаар гурван боть бүтээл хэвлүүлнэ. Оны сүүлээр Монгол судлалын өнөөгийн байдал, цаашид дотооддоо хэрхэн хамтарч ажиллах, Монгол улсын Монгол судлалын хөгжилд тулгамдаж буй асуудлын чиглэлээр томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна. Монгол судлалын чиглэлээр олон улсын түвшинд хүрсэн эрдэм шинжилгээний өгүүлэл гаргахын тулд Акта Монголика сэтгүүлээ Англи хэлээр гаргадаг болохоор зорьж байна.  
 
-Монгол судлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ямар улсууд байна? Томоохон судалгааны төвүүдээс дурдвал?
Монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагааг хослон явуулж буй 16 орон байна. Сургалт явуулахгүй ч Монгол судлалаар судалгаа хийдэг, судлаачид ажиллаж буй 10 гаруй орон бий.
Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Хамарч буй судлаачдын тоо талаас нь харвал өрөөсгөл дүгнэлт болно. Тэгэхээр улс орон болгонд Монгол судлалынхаа чиглэлээр барьдаг зарчим, анхаардаг чиглэл гэж байна, тэр болгон нь Монгол судлалын чиглэлд тодорхой хувь нэмэр оруулж байна.
 
-Гадаадын монгол судлаачдыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
Гадаадын Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад бид анхаардаг. Тэнд ажиллаж буй эрдэмтэн судлаачдын тодорхой төлөвлөсөн ажлаас нь бид өөрсдийн чадах хэмжээнд дэмжих зүйл байвал тусалдаг.  Жишээлбэл, хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах, ном бүтээл хэвлүүлэх, зарим талаар тухайн төвд ажиллаж буй багш, судлаачдын цалин хөлсөн дээр нь дэмжлэг үзүүлдэг л дээ. 
 
А.Анхбаяр
 
 
Холбоотой мэдээ