Хүүхдийн эрхийн чиглэлээр хамтарсан багуудыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл суманд "Хариуцлагатай хамтарсан баг-2018" хөтөлбөрийн хүрээнд хамтарсан багийг чадавхжуулах сургалт боллоо. Энэ удаагийн сургалтанд Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын хамтарсан багийн гишүүд, мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багийн Засаг дарга, багийн эмч тэргүүтэй гэр бүл, хүүхдийн өмнө үүрэг хүлээгч 70 гаруй хүн оролцсон байна.
Сургалтыг Хүүхдийн эрх, хамгаалал төвийн захирал, Үндэсний сургагч багш, докторант Д.Ундраа удирдан явуулжээ. Мөн сургалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Зөвлөн туслах баг” ирж ажилласан байна.
Дашрамд дуулгахад хүүхдийн эрх, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр Завхан аймгийн 24 суманд 30 хамтарсан баг ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 хамтарсан багийг чадавхжуулах сургалтанд хамруулаад байгаа ажээ. Хамтарсан баг гэдэг нь хүчирхийлэл, дарамт, мөлжлөг болон үл хайхрагдсан хүүхэдтэй харилцан уялдаатай хамтран ажиллах янз бүрийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг юм. Монгол Улсын Хүүхдийн хамгааллын тухай хуулийн 4.1.5 зүйлд зааснаар хамтарсан баг нь гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг хэлнэ. Тиймээс энэхүү багийг чадавхижуулах нь хүүхэд хамгааллын асуудлыг орон нутагт сайжруулах хамгийн чухал хэрэгцээ шаардлагатай ажил юм. Мөн хамтарсан багийн ахлагчаар суманд Засаг даргын Тамгын газрын дарга, хороонд Засаг дарга байх /цаашид хамтарсан багийн ахлагч гэх/, харин хамтарсан багийн гишүүдээр сум, хорооны хэсгийн төлөөлөгч, өрхийн /багийн эмч/, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан ажиллах юм хэмээн аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн