Төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-15 17:05:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөсөн юм.

Уг тогтоолын төслийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрнхийлсэн билээ. Гишүүдийн олонх өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулахад анхаарахыг Засгийн газарт сануулсан.

Тухайлбал, Д.Оюунхорол гишүүн, “МИАТ компани сүүлийн гурван жилийн хугацаанд маш өндөр ашигтай ажилласан. Энэ компанийг хувьчилж, зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахыг дэмжиж байгаа ч хэт яаран шийдвэрлэх нь буруу. Нарийн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. “Мэдээлэл, холбооны сүлжээ” компани бол Монго төрийн нүд, чих болсон байгуулага. Тиймээс энэ байгууллагыг хувьчлах бус, “Хувьчилж үл болох төрийн өмчийн жагсаалт”-д оруулах ёстой” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.8 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ