“Зүрх судасны төв” төсөл 2017 он хүртэл үргэлжилнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-12-09 14:24:51

Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт  Элчин сайд Пол Штайнмэцийг хүлээн авч уулзлаа.  

Манай улс тус улсын эрүүл мэндийн салбарынхантай 2001-2016 онд хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв” төслийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан хоёр тал ийнхүү уулзалдсан юм. 

Төслийн шинэ шатыг Люксембургийн хөгжлийн агентлагаар дамжуулан 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг уулзалтын үеэр хоёр тал онцолж байв.  Гэхдээ шинэ шатанд хэрэгжүүлэх уг төслийг аль чиглэл, ямар санхүүжилтээр хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь Монгол Улсын Үндэсний Зүрхний төвийн бизнес төлөвлөгөө болон эхний байдлаар гарах үр дүн энэ бүгдийг тодорхойлох юм.

Энэхүү гурван үе шат бүхий төслийн үр дүн гарчээ. Тухайлбал, төслийн нэгдүгээр шатанд Монгол Улсын анхны телемедициний сүлжээг үүсгэж чаджээ. Ингэснээр П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг болон зургаан аймгийн нэгдсэн эмнэлгийг хамруулж, орон нутгийн оношилгоо эмчилгээг сайжруулсан аж. Хоёрдугаар шатанд 2 сая 341 мянга 300 еврог төслийг үргэлжлүүлэхэд, 1 сая 723 мянга 926 ам.долларыг эх барих, эмэгтэйчүүдийн салбарт алсын зайн анагаах ухааныг салбарлуулан хөгжүүлэхэд зориулан буцалтгүй тусламж болгон Люксембургийн Засгийн газраас олгосон байна.

Ирэх онд дуусах төслийн гуравдугаар шатанд Монгол Улсын нийт хүн амын зүрх судас, эх нярайн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулах юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ