Унгар улс 1990 оноос хойш Монголд 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-08-31 13:34:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгарын парламентын гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло өнөө өглөө Монгол Улсад айлчлан ирсэн бөгөөд 11 цагт Төрийн ордонд УИХ-ын Монгол-Унгарын бүлгийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан уулзалтыг нээж үг хэлэхдээ, “Энэхүү уулзалтын зорилго хоёр орны парламентын туршлагаас суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа. Би хоёр зүйлийг онцлон дурдъя. Юуны өмнө Унгарын Засгийн газар Монгол Улсаас суралцаж буй оюутны тоог эрс нэмэгдүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлье. Би өөрөө 1993 онд Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж, доктор хамгаалсан. Хоёрдугаарт, Унгар улс 1990 оноос хойш манай улсад нийт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Эдийн засгийн харилцаа улам өргөжих төлөвтэй байна. Тухайлбал, Унгарын Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-ыг өртгөтгөхөөр тохиролцсон. Цаашид Монгол Улс бүх салбарт хамтын ажилагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Энэ үеэр Монгол-Унгарын бүлгийн гишүүн М.Оюунчимэг “Бид Унгар улсын Тэтгэврийн сангийн туршлагыг судалж байгаа.” гэсэн бол тус бүлгийн гишүүн О.Содбилэг “Монгол Улс социалист дэглэмтэй байсан орнуудаас Унгар улстай илүү найрсаг харилцаатай байдаг. Засгийн газрынх нь бодлогыг анхааралтай ажиглаж байгаа” гэлээ.

Ноён Хорват Ласло “Унгарчууд бид өөрсдийгөө Хүннү гүрнээс гаралтай гэж үздэг. Хэдийгээр зарим нь монголд, зарим нь унгарт төрж аж төрж байгаа ч гэлээ соёлын өвийн хувьд бидэнд адилхан зүйл олон бий. Цаашид соёлын өвөө хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хоёр орон хамтран ажиллах ёстой. Унгар улсын тухайд эдийн засгаа тогтмол өсөлтэй байлгаж, ажилгүйдлийн түвшнийг тэг хувьд хүргэж чадсан. Өнөөдрийн байдлаар хүн бүр ажилтай байгаа. Хөдөлмөрийн хөлсийг ч мөн байнга нэмэгдүүлж байна. Гадны хөрөнгө оруулагчид Унгар улсыг ихээхэн сонирхдог. Учир нь манай улс төрийн байдал тогтвортой учраас маргааш юу болох нь ойлгомжтой байдаг” гэсэн юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ Унгар улсын зүгээс монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, усны менежмэнтзэрэг чиглэлд түлхүү хамтран ажилах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ