Удаан хугацаанд саатсан цэцэрлэгийн барилга ирэх сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 16:01:41

Барьж дуусгалгүй орхигдож, удаан хугацаанд ажил нь саатаад байсан Дэрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга ирэх сарын эхэн гэхэд ашиглалтад орохоор болжээ.

Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээж авангуут хуучин цэцэрлэгээ нүүлгэнэ. Нэлээд хэдэн жил хүлээлгэсэний эцэст ямар ч байсан манай суманд тулгамдаж байсан нэг асуудал шийдэгдэж байна гэж сумын Засаг дарга Н. Мядагмаа хэллээ.

Нийт 600 гаруй сая төгрөгийн төсөв өртөгтэй, канад хийцийн цэцэрлэгийн барилгыг 2011 онд эхлүүлж тухайн жилдээ ашиглалтад орох төлөвлөгөөтэйгээр “Бридж” ХХК эхлүүлсэн байдаг. Тус компанийн туслан гүйцэтгэгч цэцэрлэгийн барилгыг дуусгалгүй орхисон нь царцаагдсан барилгын жагсаалтад орж удааширсаны эцэст энэ жил гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр барилгыг дуусгаж, ашиглалтад өгөхөөр болсон нь энэ ажээ. Барилгыг дуусгаж ашиглалтад өгөх 100 гаруй сая төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм байна.

100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох гэж байгаатай холбогдуулан БСШУ- ны яам 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн сандал ширээ, зарим хэрэглэгдэхүүнийг өгчээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments