Мэдээллийн ил тод байдлыг хангасан байгууллагыг урамшуулна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 16:10:26

Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажилласан байгууллагыг оны эцэст урамшуулж, хойрго хандсанд нь арга хэмжээ авна гэж аймгийн Засаг дарга С. Од-Эрдэнэ мэдэгдэв.

Байгууллага, төрийн албан хаагчид олон нийтэд мэдээлэл хүргэх тал дээр учир дутагдалтай, хайхрамжгүй ажилладагаас мэдээллийн хүртээмж, ил тод байдал, олон нийтийн мэдэх эрх хангагдахгүй байгааг төрийн бус байгууллагуудын нэг бус удаагийн судалгаагаар гаргаж,  2012 онд хүчин төгөлдөр болсон Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт тааруу байна гэж үзсэн байдаг.

Засаг даргын хэлснээр, байгууллагууд хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, гарч буй үр дүн, өөр бусад шаардлагатай мэдээлэлүүдийг олон нийтийн цахим сүлжээ, Дундговь аймгийн мэдээллийн сайт, ЗДТГ- ын дэргэд байгуулсан “Дундговь” телевиз, “Дундговь” сонин гээд орон нутгийн  хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар цаг алдалгүй мэдээлж ажиллана. Хамгийн олон удаа мэдээлэл хүргэж, идэвхитэй ажилласан байгууллагыг урамшуулах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments