АРХАНГАЙ: Нэгэн зууны түүхэн ойгоо тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-26 23:54:31

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.  Ойн баярын хурал Г.Дэмид жанжны талбайд боллоо.

Баярын хурлыг нээж Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэлэхдээ, нэг  зуунд нэг л удаа тохиох Архангайчуудын бахархал Цэцэрлэгмандал уулын аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр цэнгэл наадам ёслол төгөлдөр эхэлж буйг тодотгоод Архангай аймаг түүхэн 100 жилийн ойн хүрээнд дан ганц баяр наадам тэмдэглээд өнгөрөх бус, нийтэд хэрэгтэй олон ажлыг хийж байгааг дурдсан юм.

Хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,Халхын Сайн ноёны аймаг, Богд хаант Монгол Улсын Сайн ноён хан аймгийн гал голомт болсон Архангай аймаг 1923 оны засаг захиргааны шинэчлэлтээр Цэцэрлэг мандал уулын аймаг хэмээн нэрлэгдэж, улмаар 1931 онд Арын сайхан хангайгаараа овоглосон түүхтэй ажээ.


Архангай нутгийн бүтээлч ард түмэн байгалийн болон хүний хүчин зүйлийн үнэ цэнтэй баялгаа хөгжлийн хүчирхэг хөшүүрэг болгож, удамт дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн гайхам сайхан газар нутагтаа хөгжил цэцэглэлтийн түүхээ улам улмаар арвижуулан зузаатгаж, шинэ ирээдүйг бүтээн цогцлооно гэдэгт эргэлзэхгүй байна.


Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо өргөн олон түмэн, алтан нутгийнхан, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж, шинэ зууныхаа түүхийг амжилт бүтээл, суу алдраар баяжуулж, элгэн түмнээрээ энх амгалан, эсэн жаргалтай байхын ерөөл өргөе” хэмээв.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг хүнд ардын багш, долоон хүнд гавьяат цол болон эрхэлсэн салбартаа өндөр амжилт гаргасан зарим иргэнийг төрийн дээд одон медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар гардуулав.


Үүний дараа Г.Дэмид жанжны талбайд баярын хүндэтгэлийн тоглолт, Булган ууланд зул өргөх ёслол болсон юм.

 





Related news