БАЯНХОНГОР: Шаргалжуут чиглэлийн автозамын ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-31 11:08:12
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор - Шаргалжуут чиглэлийн улсын чанартай 54.1 км хатуу хучилттай авто замын ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 12 хувьтай үргэлжилж байна.

Энэхүү ажлын хүрээнд түр зам гарган, тэмдэг хаалтыг тавьж, газар шорооны ухмал явуулж, замын далангийн доод үе, тэсэлгээнүүдийн ухмал, суурийн ажлыг хийж, 13 хоолойг суулган, асфальт бетоны үйлдвэр, хайрганы үйлдвэрийг тус тусын цэгүүдэд байгуулжээ.

54.1 км автозамыг 0-25 км, 25-54,18 км гэсэн хоёр багцаар явуулахдаа шаардлагатай цэгүүдэд нийт 93 төмөр бетон хоолойг суулган, Шаргалжуутын гол дээгүүр төмөр бетон гүүрийг тавихаар төлөвлөсөн байна. 2026 онд ашиглалтад оруулах тус замын ажлыг Монголын гурван компани 120 хүн, 60 техниктэйгээр гүйцэтгэж байна.

Баянхонгор - Шаргалжуутыг холбосон тус зам нь Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд автозамыг даган тухайн бүс нутгийн аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Related news