"Приморье-1" зурвасыг “Торгоны зам” төсөлд оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-10 11:05:18

ВЛАДИВОСТОК. /TASS/. "Приморье-1" тээврийн зурвасыг Хятадын түншүүд сонирхож байгаа бөгөөд “Торгоны зам” эдийн засгийн бүсэд оруулж магадгүй гэж үзэж байгаагаа Приморийн хязгаарын захирагч Владимир Миклушевский телевизийн "Россия 24" сувгаар илэрхийлжээ.

"Приморье-1" тээврийн зурвасыг холбооны улсын болон хязгаарын хөрөнгөөр өргөжүүлж байна” гэж Миклушевский хэлжээ.

“Мэдээж хэрэг манай хятад түншүүд энэ төслийг ихээхэн сонирхож байгаа. Түүгээр барахгүй “Торгоны зам” төсөлд оруулж магадгүй” гэж тэрбээр цааш ярьсан байна.

 "Приморье-1" тээврийн зурвас нь Хятадын хил орчмын Суйфэньхэ хотыг Гродеково өртөө, Приморийн хязгаарын хилийн бүсүүд болон тус хязгаарын зүүн нутгийн боомтуудтай холбодог. Энэ зурвасаар Хятадын ачаа Приморийн хязгаарын зүүн нутгийн боомтуудаар дамжин хамгийн дөт замаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад хүрэх боломжтой. Одоогийн байдлаар тээврийн энэ чиглэлийн хэд хэдэн автозамыг шинэчлэн засаж байна. Энэ ажилд Приморийн хязгаарын төсвөөс энэ жил 1.3 тэрбум рубль гаргаж байгаа юм.

Эртний “Торгоны зам”-ыг сэргээхэд чиглэсэн “шинэ Торгоны зам” нь Хятадын санаачилсан төсөл юм. 21 триллион хүртэл долларын үйлдвэрлэлийн хэмжээ бүхий худалдааны энэ зурвас нь Шанхай хотоос Берлин хүртэл үргэлжилнэ. Хятад, Монгол, Орос, Беларусь болон Германы нутгаар дамжих шинэ зам нь 12 мянга гаруй км урт байх бөгөөд эдийн засгийн шинэ бүс болно. Төслийн хамгийн чухал хэсэг нь Хятадыг Төв Ази болон Энэтхэгийн далайгаар Персийн булангийн орнууд, Газар дундын тэнгистэй холбох Далайн торгоны зам болох юм. Барилгын ажил дууссаны дараа шинэ зам нь Ази, Европ, Африк гэсэн гурван тивийг холбоно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд