Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх хурал Бээжин хотод боллоо

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-12-11 13:13:53

БЭЭЖИН /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдөр Бээжин хотноо Зүүн хойд азийн аюулгүй байдлын талаарх төрийн бус байгууллагуудын олон улсын хурал боллоо. Хурлыг “Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл сүлжээ олон улсын байгууллага /GPPAC/”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцдог.  Дөрөв дахь жилдээ болж буй тус хурлын өмнөх удаагийн хурлууд Улаанбаатар хотод “Улаанбаатарын үйл явц” сэдвийн дор болж байсан бол энэ удаа БНХАУ-ын Бээжин хотод болж буй бөгөөд Хятадын  Цахар нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хуралд Монгол, ОХУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон. Монгол улсаас GPPAC олон улсын байгууллагын гишүүн “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор, элчин сайд асан Ж.Энхсайхан, тус ТББ-ын гишүүн доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар, тус байгууллагын гишүүн МУИС-ийн ОУХ-ны сургуулийн захирал асан, доктор Н.Алтанцэцэг нар оролцов. 


Хурлын үйл явцын талаар Д.Мягмараас тодруулав. Тэрээр хэлэхдээ “Уг хурлыг GPPAC буюу “Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бүх нийтийн түншлэл сүлжээн”-ээс зохион байгуулдаг юм. Энэхүү сүлжээ нь дэлхийн бүх тивд өөрийн салбартай. Зүүн хойд азийн салбарын төв нь Токио хотод байрладаг, бүс нутгийн орнуудаас өөр өөрийн төлөөлөлтэй байдаг. Манай улсын хувьд “Цэнхэр сүлд” Монгол улсын цөмийн зэвсгээс ангид статусын төлөө ТББ нь GPPAC олон улсын байгууллагын зохицуулагчаар ажилладаг. Манай улсын цөмийн зэвсгээс ангид статус, төрийн тууштай бодлогыг Зүүн хойд азийн /ЗХА/ орнууд их анхаарч ач холбогдол өгдөг. Ялангуяа Солонгосын хойгтой холбогдуулан жишээ болгодог. Энэ жилийн хурлын онцлог бол Солонгосын хойгийн нөхцөл байдалд эерэг дүн гарах хэд хэдэн уулзалт болсоны дараа болж буй учир их хүлээлттэй байлаа. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх, Хойд солонгосын оролцоог идэвхжүүлэхэд Хятад улсын үүрэг оролцоо чухал. Ийм учраас энэ жил Бээжин хотод тус хурлыг зохион байгуулж, Хятадын эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцууллаа. Энэ жилийн хурал өмнөх жилүүдээс ялгаатай нь ЗХА-ийн аюулгүй байдлыг хангах асуудалд Монгол улсын оролцоогоогүйгээр хангаж чадахгүй гэдгийг оролцогчид хүлээн зөвшөөрч байна. Хурлын дараа гарах төгсгөлийн баримт бичигт ЗХА-ийн 6 орон дээр Монгол улсыг нэмээд "6+1" гэж албан ёсоор тусгасан байгаа. Ямартай ч энх тайвны төлөөх ТББ-уудын хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь бидний ажлын үр дүн. Энэ асуудлыг цаашлаад оролцогчид Засгийн газрын түвшиндээ хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллана. Оролцогчид мөн АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулахад татгалзах зүйлгүй, хамгийн тохиромжтой газар гэдэг дээр санал нэгдэж байна. Ирэх жилээс энэ хурал маань Улаанбаатарт болно" гэв.  



А.Анхбаяр

 


Холбоотой мэдээ