Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав

Хилийн чанадаас
173@montsame.mn
2019-04-01 15:46:27


Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав.

Уулзалтаар талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ онд тохиож буй хоёр орон Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойг тэмдэглэх, бүс нутгийн интеграцчиллын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалд өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулж тусгай үйл ажиллагааг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл илэрхийлэв.

                                                                                                    А.Анхбаяр

Холбоотой мэдээ