“Бүс ба Зам” чуулга уулзалтад 37 орны төр, засгийн тэргүүн нар оролцоно

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-22 14:22:23

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 25-наас 27-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулах “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын талаар мэдээлэл хийлээ.

Хоёр дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 150 гаруй орон, 90 гаруй ОУБ-ын 5000 гаруй төлөөлөгч оролцоно.

Чуулга уулзалтын хөтөлбөрт дараах хуралдаанууд багтжээ. Тухайлбал, 25-ны өдөр 12 салбар хуралдаан болон аж ахуйн нэгжүүдийн их хурал, 26-ны өдөр нээлтийн ёслол, дээд түвшний хуралдаан, 27-ны өдөр төр, засгийн тэргүүн нарын дугуй ширээний хуралдаан зохион байгуулагдах аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээх ёслолд оролцож үг хэлэх бөгөөд удирдагчдын дугуй ширээний уулзалтыг удирдан явуулна. Тэрээр хурлын дараа гадаад, дотоодын сэтгүүлчдэд хурлын үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.

Одоогийн байдлаар 37 орны төр, засгийн тэргүүнүүд дугуй ширээний уулзалтад оролцох төлөвтэй байна. Мөн НҮБ-ын ЕНБД болон Олон улсын Валютын сангийн захирал мөн тус хуралдаанд оролцох юм. Мөн Франц, Герман, Англи, Испани, Япон, БНСУ, ЕХ-ноос итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох юм.

Хоёр дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалт нь 2019 оны БНХАУ-ын гадаад харилцааны хамгийн том, чухал уулзалт” гэдгийг Ван И сайд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх бөгөөд “Бүс ба Зам” хуралд оролцоно.

Сануулан дурдахад, Анхдугаар удаагийн “Бүс ба Зам” олон улсын түвшний хурал 2017 оны 5-р сард Бээжин хотноо болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан билээ.

   А.Анхбаяр      

Холбоотой мэдээ