Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-20 14:19:27

ЭР-РИЯД. /NHK/. Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүд болон бусад хүчин зүйлийн дэлхийн нефтийн зах зээлд учруулах нөлөөг хянан шалгасны дараа олборлолтоо нэмэгдүүлэх эсэх шийдвэрийг гаргана гэж ОПЕК-ийн гишүүд тохиролцсон байна.


Өнгөрсөн ням гарагт Саудын Арабын Жедда хотноо ОПЕК-ийн гишүүн болон ОХУ тэргүүтэй холбоотон орнуудын сайд нар уулзжээ. Нефтийн үнийг өсгөхийн тулд олборлолтоо бууруулах шийдвэрийг ОПЕК-ийн орнууд өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа зургадугаар сарын эцэс хүртэл үргэлжлүүлэх юм.


Ням гарагт болсон сайд нарын уулзалтаар олборлолтоо нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх төлөвтэй байсан боловч Иран дахь нөхцөл байдал, АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зэргийн учруулах нөлөөг хянаж ажигласны дүнд ирэх зургадугаар сарын эцсээр шийдвэрээ гаргахаар болжээ.


Дээрх уулзалтыг даргалсан Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Венесуэл дэх улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал болон Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ зэрэгтэй холбоотойгоор дэлхийн нефтийн зах зээлийн ирээдүй тодорхойгүй байгааг онцлоод, эдгээр хүчин зүйл нь нефтийн эрэлтэд нөлөөлж байна гэжээ.


ОПЕК-ийн энэ удаагийн уулзалтын үр дүн нефтийн одоогийн үнэд нэг их нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Холбоотой мэдээ