Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад “ИНБ-уудын сүлжээ” ТББ мониторинг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь ИНБ-уудын сүлжээ” ТББ аймгийнхаа сумдын СХС-гийн шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилтийн байдлыг тодорхойлох, үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр болж, Нээлттэй нийгэм форумтай гэрээ байгууллаа.
Төслийн хүрээнд тус аймгийн хоёр
сумын Сум хөгжүүлэх сангийн шалгаруулалт, зарцуулалтын нөхцөл байдлыг тодорхойлж,
бизнес эрхлэгчдийн тус сангаас авсан зээлийн зарцуулалтын байдалд үнэлгээ хийж, иргэдийн хяналт оролцоотой
төрийн байгууллагад нөлөөлөл хийж, СХС-гийн шалгаруулалт, зарцуулалт,
хэрэгжилтийг шударга, ил тод болгох чиглэлээр ажиллах ажээ.
Сум хөгжүүлэх санг сум орон нутгийн
жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор анх байгуулжээ.
Тус сангийн зээлийг арилжааны
банкуудаар дамжуулалгүй, сумын ЗДТГ өөрөө бие даан шийдвэрлэж, Засаг дарга шууд
гэрээ байгуулан олгодог, сангаас шууд санхүүжүүлдэг, барьцаа хөрөнгийн баталгаа
арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс
хамааруулан хийх боломжтой, улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй
онцлогтой.
Дундговь аймгийн хувьд СХС-гаас
хөдөөгийн сум бүрт 60- 80 бизнес эрхлэгч, Сайнцагаан суманд 270 гаруй бизнес
эрхлэгч хөнгөлөлттэй зээл авч төсөлд
хамрагдсан байдаг ажээ.