“Шөнийн музей”-г Мандалговьчуудад зориулан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-22 13:12:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейгээс “Шөнийн музей” үйл ажиллагааг зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв халхын дуулалт жүжгийн театр /ТХДЖТ/, Өлзийт сумын Соёлын төвтэй хамтран долдугаар сарын 19-нд гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жил тохиож буй 70 жилийн ойгоо угтаж, тус байгууллагын хамт олон 70 бүтээлч ажлыг хэрэгжүүлж буйн нэг нь энэхүү “Шөнийн музей”-н үйл ажиллагаа юм.

Тус үйл ажиллагаа оройн 20 цагаас 24 цагийн хооронд Өлзийт сумын "Суваргын цууриа" хамтлагийн язгуур урлагийн тоглолтоор эхэлж, шөнийн музей, Монгол Улсын төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн судалбар зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж, оролцогчдын дунд монголчуудын соёлын өв болсон хуруу гаргах тэмцээн зохион байгуулж, үзэгчид, оролцогчид нэгэн үдшийг дуу хууртай, хөөр баяртай, хөгжөөн цэнгүүнтэй, сэтгэлийн баясал дүүрэн өнгөрүүлжээ.

Дундговь аймгийн музей эрт, эдүгээгийн түүх, соёлын өвийг хадгалсан арвин баялаг сан хөмрөгтэй төдийгүй тус музейд эрт галавын амьтдын үзэсгэлэн, Төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн судалбар зургийн үзэсгэлэн гарч, энэ бүгдийг нэг дороос үзэх боломжийг бүрдүүлж, үдшийн цагаар иргэдэд энэхүү үйлчилгээгээ сонирхол татам байдлаар хүргэсэн нь онцлог ажээ. 

Холбоотой мэдээ