Р.Мужил: Хүн амыг эрүүлжүүлнэ гэдэг бол миний ганц бодож, хүсч, зорьж явдаг ажил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-27 14:31:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 20, 21-нд болсон "Дундговь Түншлэл" зах зээлийн өдөрлөгт оролцогч, Сайнцагаан сумын харьяат, тариаланч Р.Мужилтай  ярилцлаа.


-Ургац арвин байна уу, энэ жил ямар төрлийн ногоо тарьсан бэ? Хавар эрт цаг сайхан байсан боловч бороо хур бага орлоо. Энэ нь таны тариалалтад нөлөөлсөн үү?

-Энэ жил ургац их арвин байна. Бороо орохгүй, манайх ногоогоо нэлээн орой тарьсан боловч хурааж авахад их сайхан арвин ургац гарч байна. Төмс, лууван, манжин, сонгино, артишок гээд арав гаруй нэр төрлийн ногоо тарьсан. 

Мөн арваад төрлийн мод тарьсан. Бас гурав, дөрвөн төрлийн эмийн ургамал тарилаа. Ургац сайхан арвин байна аа. 

-Энэ жил хэдий хэрийн ургац авах вэ? Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр байна, ямар талбайд тариалалт хийв?

-Энэ жил дөрөв, таван тонн ногоо гарах юм шиг байна. Төмс талыг нь хурааж аваад байхад л хоёр тонн гаруй ногоо байна. 

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ногооны гарц их арвин байна. Сайн ургасан даа. Энэ чинь манай говийн хөрсний онцлог л доо. Тэгээд арчилгаа маллагаа шаарддаг. 

Би ер нь хагас га талбайд л тариалалт хийдэг хүн шүү дээ. Хагас га талбайгаас 4-5 тонн ногоо л тогтмол авдаг. Хагас га-д нь мод тарьдаг юм. 

-Та хэдэн жил ногоо тарьж байна вэ, миний мэдэхийн олон жил болж байх шиг санагддаг. Энэ таны үндсэн мэргэжил үү? 

-Би өөрөө орос хэлний багш хүн шүү дээ. Ногоо тариад 43 дахь алтан намрыг үзэж байна. Их олон жил ногоо тарьсан болохоор үүндээ хоргодоод болдоггүй юм. Нас ч нэлээн явлаа, гэхдээ ногоогоо тарихгүй бол сэтгэл санаа нэг л өөдгүй, ногоогоо хурааж авчихаад ингээд зараад сууж байхад жаргалтай шүү дээ. 

Хүмүүсийн өмнө ногоогоо яриад, ногоогоо амсуулаад, сайхан амтыг нь мэдрүүлээд сууж байх их сайхан байдаг юм. 

Манай Дундговийнхон надад бас миний тарьсан ногоонд их дуртай, ногоо тарихыг их дэмждэг.

Ногоо тарих нь миний багын сонирхол байжээ. Сонирхуулахад намайг 10 жилийн сургуульд багш байхад миний үеийн багш нар намайг “сургуулийн Мичурин” гэдэг байсан. Тэр бол Оросын алдарт цэцэрлэгч, геологич, эрдэмтэн хүн л дээ. Би сургуульдаа дандаа мод, цэцэг тарьж явдаг байхгүй юу.  Тэгээд хичээл заачихаад ороод ирэхэд л “аа манай Мичурин ороод ирлээ” гээд л дуу алдацгаадаг байлаа. Тэр үеийн сургуулийн Мичурин одоо Дундговийн Мичурин болоод байх шиг байна ш дээ. 

-Таны тарьсан төмс, ногоог хүмүүс их амттай, сайхан гэж ам сайтай байдаг?

-Манай Дундговь аймгийн хөрсөнд ургасан бүх ногоо чанарын хувьд илүү. Манайхны ногооноос чинь одоо айраг, мах хоёр л амтагдана шүү дээ. Тийм учраас би Дундговьд төмсний шинэ сорт бий болгосон. Арав гаруй жилийн өмнө "АМТ-3" гэсэн сорт гаргасан юм. “А” нь Дундговийн “айраг”, “М” нь манай “мах”, “Т” нь “төмс”. Энэ төмсийг улсууд авах их дуртай. “Ямар гоё амттай төмс вэ л” гэцгээдэг юм. 

Манай ногоонууд үнэхээр амт сайтай. Ер нь ногоогоо хамгийн сайн үрээр л тарьдаг. 

Төмсний шинэ сортыг Дундговьд надаас өөр хүн бий болгосныг сайн мэдэхгүй байна. Анх Ч.Дамба багш маань надад сайн үр авчирч өгч байсан, тэрнээс өмнө ч голланд, герман төмс гээд олон сайхан төмсийг үрээр нь тарьж байгаад, сүүлдээ ер нь “өөрөө төмстэй болъё” гээд эд нарын дундаас сайн үр гаргаад өөрийн сортын төмстэй болсон. Манай энэ төмс бол амт сайтай, зөөлхөн, их том сайхан ургана. Нэг төмснөөс арав гаруй болж үржиж гардаг, үржил сайтай. Тийм учраас нутгийнхан маань энэ төмсөнд маш дуртай. Хэрэгцээнд нь их тохирч байгаа гэж боддог юм. Өөрийнхөө сортыг хадгалж байгаад л дараа жил нь тарьдаг юм. 

-Энэ сортын төмсийг манай аймагт өөр хүмүүс тарьдаг уу? Танаас тарих гэж үр авдаг хүн байдаг байх даа? 

-Хүмүүс энэ төмсийг маань “тарина” гээд л тав, арван кг-аар нь авдаг. Тарьдаг л байх. 

-Та хүнсний ногоо, мод тарих чиглэлээр олон хүн сургасан. Сургалтаа хийж байгаа юу?

-Сургалт ер нь тасраагүй. Би ер нь бол 50 гаруй жил багшилжээ. 35 жил үндсэн орос хэлний багш мэргэжлээрээ, харин ногоогоороо 30-аад жил багшилж байна. 

Цэцэрлэгжүүлэлтийн хувьд аймгийн төвд хийсэн цэцэрлэгжүүлэлтийн ихэнхид нь би оролцсон байдаг юм. Аймгийн төв, зүүд хойд лагерь, Хийдийн арын цэцэрлэг, нэгдүгээр сургуулийн цэцэрлэг, өөрийнхөө сууцны гадаа цэцэрлэг, одоо ногооныхоо талбайн дэргэд мод тарьж байна. Бусад хүмүүст зөвлөгөө өгөөд, сургалт хийж, 40 орчим мянган мод тариулсан байна лээ. Би өөрөө 3000 гаруй мод тарьсан. Дундговийг цэцэрлэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж л явна. Цаашдаа  ч оруулна. 

-Таны сургалтын нэг хэсэг нь хүн амыг эрүүлжүүлэх байдаг. Энэ ажилд нэлээн сэтгэлээ чилээж байх шиг санагддаг?

-Хүн амыг эрүүлжүүлнэ гэдэг бол миний ганц бодож, хүсч, зорьж явдаг ажил шүү дээ. Үнэндээ “Дундговийхнийг эрүүлжүүлнэ” гээд над шиг онгирдог хүн байхгүй. Юугаар эрүүлжүүлж байгаа юм бэ гэхлээр артишок, булцуут цэцэг хоёроороо эрүүлжүүлж байна, эрүүл хоол хүнс, эрүүл байхын тухайд ном гаргаж байна, сургалт хийж байна. 

Артишок бол хүний дотор эрхтний 100 гаруй өвчнийг эдгээдэг. Энийг тариад долоон жил болж байна. Ч.Дамба багш бид хоёр анх Дундговьд тарьсан шүү дээ. Одоо энийг мэдэхгүй, авахгүй хүн ч гэж байхгүй. 

Би жилдээ 500 кг артишок ургуулж авч байна. Хатаахлаар бага л юм болдог юм. Гэхдээ жилдээ хоёр, гурван зүун хүн элбэг авдаг. Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговиос их авч байна. Тэгээд “манай аймагт л таримаар байна” гэх юм. Аймгууд тарьдаггүй юм уу, тэр улсууд мэддэггүй юм уу. 

Ийм л янзтай ургамал, ногоо гэдэг Дундговьд дэлгэрч байна даа. 

-Ногоо тарьж, арвин ургац авахын нууц юу вэ?

-Маллах ажиллагаа сайн мэднэ шүү дээ. Арчилгаа л сайн байвал ногоо ургана. Гар салж болдоггүй юм. 

Ногоогоо сайн арчил, сайн малла, технологийг нь сайн барьж бай л гэж хэлнэ дээ. Хамгийн гол юм тогтмол усалгаа байдаг юм. Тэгээд бордоо байдаг. Ногоогоо салхинд цохиулахгүй байх хэрэгтэй. Салхинд их цохиулсан ногоо бол тэгээд л муу ургадаг. Цохиулахгүйн тулд нөмөр хэрэгтэй. Мөн салхи болно гэхээс өмнө ногоогоо хучих, барих ажил их хийнэ, хамгаална. Их нартай өдөр ногоо чинь муудчих гээд байвал хүйтэн, сэрүүн усаар усалж бай. 

-Ногоо тарьдаг хүмүүс, шинээр энэ төрлийн бизнес хийж байгаа хүмүүст юу хэлэх вэ?

-Ер нь тэгээд ногоо тарьдаг хүн ногоогоо тарих аргаа мэддэг, тэгээд арчлах аргаа бас мэддэг болдог юм. Тийм л болох хэрэгтэй. Одоо манай аймагт ногоо тарьж байгаа 400 гаруй хүн байх ёстой. Тэдний 90 хувь нь миний шавь нар байх учиртай. Тийм учраас би тэд нарт дандаа энийг л хэлдэг. 

Бордоондоо бууц ашиглана. Химийн бордоо огт ашиглахгүй. Манай нутгийн хамгийн гол онцлог, давуу тал энэ. Химийн бордоогоор бордсон ногоо тийм ч аятай биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хямд гээд л иддэг, дараа нь хор уршиг нь ямар байхыг хэн мэдэхэв дээ, тийм үү.

-За танд маш их баярлалаа


Холбоотой мэдээ