Эмэгтэй чөлөөт бөхийн баг IV байр эзэлж чансаагаа ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-18 14:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нарита хотноо 11 дүгээр сарын 16-17-нд болсон чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг IV байр эзэллээ.


Тус тэмцээний “В” хэсэгт орсон Монголын шигшээ эхний даваанд ОХУ-ын шигшээ багийг 6:4-өөр буулгаж авсан бол 2 дахь барилдаанд 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багт 4:6-гаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө БНХАУ-ын шигшээтэй халз барилдаж 7:3-аар хожигдож IV байрт орж, чансаагаа VII байраас гурван байраар урагш ахиулж чадлаа.  


Энэ удаа шинэ залуу тамирчдад боломж олгосон нь үр дүнгээ өгчээ. Монголын эмэгтэй шигшээ баг 2014 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд дараалан хүрэл медаль хүртэж байв. Багийн нийт бүрэлдэхүүний 70-80 хувь шинэ залуу тамирчид байсан бөгөөд тэдний ур чадвар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг харуулсан тэмцээн боллоо.


Тухайлбал, 55 кг-д “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа энэ барилдаанд ОХУ-ын тамирчин Ольга Хорошавцеваг, мөн нэг хэсэгт барилдсан АНУ-ын тамирчин, энэ жилийн дэлхийн аварга Жакарра Винчестерийг тус тус яллаа. Б.Болортуяа хоёр сар гаруйн өмнө Жакарра Винчестерт 10:0-ээр ялагдаж байсан юм.


Ташрамд дуулгахад, Наритад байгаа эмэгтэй шигшээ багийн тамирчидтай Монголоос 6 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг ирж, 9 хоногийн хамтарсан бэлтгэлийг Японд хийхээр болжээ. Энэ удаагийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээн болон бэлтэлийн зардлыг “Токио Олимп сан-гаас дааж гаргасанд Монголын чөлөөт бөхийн холбооны баг тамирчид талархаж байгаагаа илэрхийлжээ. 



Холбоотой мэдээ