Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар Бага хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож байна.
Энэ сарын 9-12-нд болж буй уг Бага хурал Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Женевийн конвенцийн 70 жил, Монголын улаан загалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хурлаар олон улсын хүмүүнлэгийн салбарт тулгамдаж байгаа сорилтуудыг даван туулах хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэй эмзэг байдалд дасан зохицох нь сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
Хурлын үеэр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний Байнгын комиссын таван гишүүнийг сонгох бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах замын зураглал, хувь хүний мэдээллийг хамгаалж, нууцлах эрхийг хүндэтгэх зэрэг долоон тогтоол батална.