Хятад улс АНУ-аас 50 тэрбум ам.долларын ХАА-н бүтээгдэхүүн авна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин ирэх 2020 онд АНУ-аас 50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахыг зөвшөөрчээ. Энэ нь 2017 онд хоёр улсын худалдааны маргаан эхлэхээс өмнөх худалдан авалтын хэмжээнээс 2 дахин их үзүүлэлт юм.
Цагаан ордон Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулах нэмэлт татварыг түр хугацаанд хойшлуулахыг зөвшөөрч, үүний хариуд Хятад улс 2020 онд АНУ-аас 50 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар болжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр АНУ-аас БНХАУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг түр хугацаанд хойшлуулж, өмнө ноогдуулсан татварыг бууруулах бөгөөд хариуд нь Хятад улс 2020 онд АНУ-аас авах хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр амласан байна.
АНУ энэ сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулахаар зарлаад байсан юм. Одоогоор талууд ямар тохиролцоонд хүрсэн талаар Цагаан ордоноос ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Ямартай ч талууд тохиролцоонд хүрч чадвал шинээр татвар ноогдуулах хугацааг хойшлуулаад зогсохгүй өмнө ноогдуулсан татварыг 50 хувиар бууруулах магадлалтай байгаа талаар мэдээлэл цацагдаж байна.
Ташрамд дурдахад, БНХАУ 2017 онд АНУ-аас 24 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг импортолж байжээ.