Хятад улс газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт хийх зах зээлээ нээлттэй болгов

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-09 21:55:23

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс газрын тос, байгалийн хийн хайгуул хийх, олборлох зах зээлээ бүх талаар нээлттэй болгож байгаа талаар тус улсын Байгалийн нөөцийн яамнаас зарлалаа. Ингэснээр тус улсын хувийн аж ахуйн нэгжүүд болон гадаадын аж ахуйн нэгжүүд уг салбарт үйл ажиллагаа эрхлэхэд нээлттэй болж байгаа юм.

Тодруулбал, Хятад улсад бүртгэлтэй цэвэр хөрөнгө нь 300 саяас багагүй дотоод, гадаадын компаниуд дүрэмд журамд заасны дагуу газрын тос, байгалийн хий олборлох эрх авах боломжтой бөгөөд аюулгүй байдал, экологийн шаардлагыг зүй ёсоор хангасан технологийн чадвартай байх ёстой аж.  

Энэ талаар тус улсын Байгалийн нөөцийн  яамны Уул уурхайн зөвшөөрлийн менежментийн газрын захирал Яао Хуажүнь хэлэхдээ “Газрын тос, байгалийн хийн хайгуул хийх, олборлолт явуулах зах зээлийг нээлттэй болгож, хайгуул хийх, олборлолт явуулах эрх олгож байгаа нь энэ салбарт хэдхэн улсын компани давуу эрхээр үйл ажиллагаа явуулдаг байдлыг өөрчилнө. Гадаадын болон хувийн хэвшлийн зэрэг нийгмийн бүхий л салбарын хөрөнгийг уг салбарт оруулснаар салбарыг улам илүү сэргээж, өдөөх юм. Ингэснээр илүү олон зам сувгаас хайгуул хийх хөрөнгийг босгож, улсын газрын тосны аж ахуйн нэгжүүд төвтэй, эдийн засгийн олон бүрэлдэхүүн хэсэгтэй зах зээлийн системийг бий болгоно. Мөн хайгуул хийх ажлыг эрчимжүүлж, үндэсний нөөцийн баталгаа, чадамжийг нэмэгдүүлэх юм” гэв.  

Холбоотой мэдээ