“Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-20 21:39:36

Бээжин /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн 300 сая ам.долларын Тусгай зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пин нар өнөөдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа.

Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пинтэй уулзаж БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, байдлын талаар санал солилцов.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг талууд тэмдэглээд, цаашид харилцан тохиролцсон холбогдох төслүүдийг цаг хугацаанд нь сайтар гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг онцлов.

Уулзалтын дараа БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн 300 сая ам.долларын Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пин нар гарын үсэг зурлаа.

Уг төсөлд зарцуулагдах 300 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр, үлдсэн 5 хувийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Д.Булган, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хятадын талаас Экспорт-импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хариуцсан газрын захирал Лю Я, олон улсын газрын дэд захирал Зөү Вэньжин нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажил энэ оны 3 дугаар сараас эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гүйцэтгэлийн ажлыг 35 сарын хугацаанд барьж байгуулахаар төлөвлөөд байна.

 

 



Холбоотой мэдээ