Төслийн үйл ажиллагаа үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-04 21:00:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БСУГ-ын бага боловсролын сургалтын менежерүүдийг чадваржуулах чиглэлээр хэрэгжүүлж буй "Орон зайнаас үл хамааран суралцъя, ажиллая" төсөл үр дүнгээ өгч байна. Онлайнаар ажлын байрандаа хөгжих гол зорилготой уг төсөл нь улс орон даяар үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед улам их ач холбогдлоо өгч, ихээхэн үр дүнтэй ажил болж байгаа ажээ.

Тус төслийн хүрээнд хийж байгаа ээлжит онлайн цагийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад зориулжээ. Тус цагаар тэдэнд хандаж ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийх, сурагчдаа теле хичээл үзэж буйг судлах, бататгах даалгаврыг өгөхдөө анхаарлаа хандуулах, алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдэд даалгаврын багц хийж хүргэх, гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй орчныг хангахад эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх зэрэг асуудлаар теле зөвлөмж өгсөн байна.

Мөн багш менежерүүд нэгж хичээлийн үнэлгээний даалгаврын сан бүрдүүлж ажиллах зэрэг цаг үетэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ярилцжээ. Онлайн цагт аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Ган-Отгон, БСУГ-ын бодлого хэрэгжилтийн албаны дарга Ч.Алтантуяа, СӨБ-ын мэргэжилтэн Т.Намираа, Бага боловсролын мэргэжилтэн П.Мягмарсүрэн нар оролцлоо.

Холбоотой мэдээ