Хорио цээрийн үед архидан согтуурах явдал нийтлэг байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-05-07 12:40:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймагт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 218 иргэн эрүүлжүүлэгджээ. Үүнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 26 нэгжээр буурсан байна.

Согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч  хорио цээрийн дэглэмтэй байгаа  энэ үед хүмүүс архидан согтуурах байдал нийтлэг байгаад анхаарах ёстой хэмээн аймгийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Учир нь Монгол Улсад шинэ коронавирусний халдвар гадаад улсаас зөөвөрлөгдөн бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор архи худалдан борлуулах цагийн хуваарийг богиносгоод байгаа юм.

Он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд аймгийн Цагдаагийн хэлтэс албан байгууллага болон иргэд олон нийтээс гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 282 гомдол мэдээллийг хүлээн авч гэмт хэргийн шинжтэй 194, зөрчлийн шинжтэй 154 гомдол мэдээллийг бүртгэжээ.

Хэрэг зөрчлийг төрлөөр авч үзвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинжтэй 78 буюу 49.3 хувь, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 29 буюу 18.3 хувь, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 16 буюу 10.1 хувь, зам тээврийн осол 11 буюу 6.9 хувь, хулгайлах зөрчил дөрөв буюу 2.5 хувь байна.

Харин  бусдын биед халдах зөрчил долоо буюу 4.4 хувь, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний журам зөрчих хоёр буюу 1.2 хувь, хууль сахиулагчийг эсэргүүцэх зөрчил хоёр буюу 1.2 хувь, цахимаар доромжлох гүтгэх зөрчил нэг буюу 0.6 хувь, бусад зөрчил найм буюу таван хувь тус тус бүртгэгдсэн аж.

Холбоотой мэдээ