Сайн дурын ажилтан Коннор Винникомбэ “Бадамлянхуа” төвд туслахыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-10 11:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бадамлянхуа” хүүхдийн төвийн сайн дурын ажилтан, Английн иргэн Коннор Винникомбэ тус төвийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэ сарын 7-ноос марафон алхалт эхлүүлжээ.


Тэрбээр энэ сарын 14-нийг хүртэл өдөр бүр өглөөний 08.00 цагаас Сүхбаатарын талбайгаас Гачууртад байдаг “Бадамлянхуа” хүрээд буцаад Сүхбаатарын талбай хүртэл алхаж байна. Ингэхдээ тус төвд хандив өргөхийг иргэдэд уриалж байгаа юм. Тэрбээр, “COVID-19” цар тахлын улмаас “Бадамлянхуа” төвийн хүүхдүүд энэ оны нэгдүгээр сараас хойш хөл хорионд орсон. Хүүхдүүдийг сэтгэлийн хаттай, тэвчээртэй байлгахын тулд илүү тохь тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ нь хүүхэд багачуудын сэтгэлзүйн  эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй” хэмээв.

“Бадамлянхуа” хүүхдийн төвийг 1995 онд Австралийн иргэн Диди Ананда Калика санаачлан байгуулсан бөгөөд асран халамжлагчгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг авдаг байна. 20 дахь жилдээ ажиллаж буй тус төвд одоо 3 сартайгаас 18 насны 76 хүүхэд байна. Тус төв нь төсвийн бус ТББ бөгөөд хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэнд, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэглээгээр хангах, ядуурлаас гарахад нь туслах, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, амьдрах чадварыг нь сайжруулах зорилготой юм.

Холбоотой мэдээ