Цагаан байрнаас "Хүчит шонхор" зах хүртэлх замыг ирэх сард хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-11 13:07:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрладаг Цагаан байрны хойд уулзвараас "Хүчит шонхор" захын уулзвар хүртэлх 0.79 км зам засварын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж  буй төслийн нэг юм.

2019-2020 онд иргэдэд эрүүл аюулгүй тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор гэр хорооллыг түлхүү төлөвлөж гэр хорооллын хооронд холбоос зам тавих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Үүний нэг, дээрх замын газар шороо, замын хашлага суурилуулалт, цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, 13 нэгж талбарын газрыг чөлөөлөх болон далангийн хамгаалалтын L хэлбэрийн төмөр бетон хаалтын ажлыг хийж байна. Уг замыг 7 дугаар сарын 15-нд ашиглалтад өгнө. 


Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл хэрэгжүүлэх аж.

Нийслэлд 52.5 км зам шинээр тавихаар төлөвлөснөөс 17,5 км нь уулзваруудыг өргөтгөх, 178,6 м гүүрэнд засвар хийх ажлууд багтаж байгаа юм. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ