С.Амарсайхан: Хотын хөгжлийн бодлогын төв нь хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-12 15:33:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг Засгийн газар баталсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.


Тэрээр, "Улаанбаатар хот өнгөрсөн 30 жил туулж ирсэн шилжилтийн үеэс, нягтрал, төвлөрлийн үеэсээ одоо бид дараагийн хөгжлийн шат болох эдийн засгийн төрөлжсөн, дэд төвүүдтэй, дагуул хотуудтай, мөн ажилтай, орлоготой, хөгжингүй хот болох  хөгжлийн дараагийн шатанд орох бодлогын баримт бичгээ боловсруулж, төрийн дээд шатны байгууллага, нийслэлийн холбогдох газруудаар баталж боловсруулаад хэрэгжүүлэн ажиллаж байна" гэв. Тэрээр, "Улаанбаатар хот ба дагуул хот" хөгжлийн бодлогоо танилцуулахдаа, "Энэ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулсан"-ыг дурдаад, 

  • хүн төвтэй хотын бодлого
  • орчин төвтэй шийдэл
  • төлөвлөлт төвтэй хөгжил
  • сайн засаглал
  • дагуул хот гэсэн агуулгатай байгааг онцоллоо. 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд зургаан дэд төвийг байгуулах аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны паркийг шинэчилж байна. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс хотын төвийн бүсэд сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оруулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгааг хийж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар "Хүний хөгжлийн индекс"-ээр дэлхийд тэргүүлэх хотын нэг болно” хэмээн онцолж хэллээ.

Холбоотой мэдээ