“Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх онд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-02 17:09:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулна.


НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох тус анхдугаар тэмцээн спортын 22 төрлөөр болох юм. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, МҮОХ-ны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.



Энэ үеэр Н.Түвшинбаяр: “Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг манай улсад зохион байгуулах болсонд МҮОХ болон хувиасаа таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна. Энэхүү наадмаар дамжуулж хүүхэд залууст хорт зуршлаас сэргийлэх, эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээхийн зэрэгцээ спортын шинэ ордон, хөлбөмбөгийн талбай, усан спортын төв, Мөсөн өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөсөн нь сайшаалтай юм. МҮОХ-ноос ирэх жил болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэж онцлов.

Холбоотой мэдээ