“SBL Хасын Хүлэгүүд”, “23 Storms” багууд өрсөлдөгчдөө хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-01 15:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд лхагва /2020.09.30/ гарагт Спортын төв ордонд эхэлж эхний тоглолтыг “SBL Хасын Хүлэгүүд” баг, “Хан-Уул Хангарьд” багийг 83:74-өөр хожив.


Хоёр багийн цувралын эхний тоглолт эн тэнцүүхэн явагдсан бөгөөд саяхан эх орондоо ирсэн Ш.Энхийн-Од нэгдүгээр үед гайхалтай байж хоёр дараалан алсын зайн шидэлтийг амжилттай болгосон бол Хасын Хүлэгүүдээс багийн ахлагч Б.Билгүүн болон О.Сэргэлэн нар урьдын адил шилдэг тоглолтоо толилуулав. Харин Ш.Энхийн-Од энэ тоглолтод 40 минутыг талбайд өнгөрүүлжээ.


Тоглолтын гуравдугаар үеэс эхлэн тэргүүллийг авсан SBL Хасын Хүлэгүүд баг онооны зөрүүгээ хадгалсаар эхний тоглолтонд ялалт байгууллаа. Тус багаас Б.Билгүүн 25 оноо, О.Сэргэлэн 17 оноо, долоон оновчтой дамжуулалт, Э.Ариунболд 12 оноо, Т.Мэндбаяр 13 оноо тус тус авчээ. Харин Хан Уул Хангарьд багаас Н.Эрдэмтөгс, С.Золжаргал, Ш.Энхийн-Од нар тус бүр 10-аас дээш оноог авчээ.

 

Дараагийн тоглолт “23 Storms”, “Алдар Танан Гарьд” багийн хооронд гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж 113:104-өөр “23 Storms” баг нэмэлт цагт хожлоо. Дөрөвдүгээр үед “23 Storms” багаас Д.Дөлгөөнмөрөн, Т.Их-Уул тэргүүтэй залуус багаа тэргүүлэхэд гол үүргийг гүйцэтгэв. 

Холбоотой мэдээ