ХКН-ын тавдугаар бүгд хурал хаалтаа хийв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-30 12:41:10

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ тавдугаар бүгд хурал Бээжин хотноо энэ сарын 26-29-ний өдөр болж өчигдөр хаалтаа хийлээ.

            Улмаар тус хурлаас гарсан албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд хурлаас Хонконг, Макаогийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хадгалж, хоёр эргийн харилцааны /Тайвань/ энх тайван хөгжлийг шат ахиулж, эх орноо нэгдмэл байхад чухал ач холбогдол өгснийг онцлов.

            Хурлаар ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын Улс төрийн товчооны ажлын тайланг танилцуулсан бөгөөд уг тайланг хэлэлцэж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оныг хүртэлх урт хугацааны зорилтыг хэлэлцэж баталсан байна.

            Хурлаас 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд чинээлэг нийгмийг бүх талаар бий болгож цогцлоох асуудлыг шийдвэрлэх ажил үр дүнд хүрснийг өндрөөр үнэлсэн байна. Мөн хөгжлийн орчинд тулгарч буй маш олон эмх замбараагүй асуудлуудад дүн шинжилгээ хийсэн бөгөөд олон улсын хүчний харьцааны асуудалд тохируулалт хийх, энх тайван, хөгжил дэвшил нь өнөө цаг үеийн гол сэдэв хэвээр байна гэж үзжээ.

            Хурлаас 2035 он гэхэд ач холбогдол бүхий техник технологийн салбарт өндөр ахиц гаргах, инновацлаг орнуудын тэргүүн эгнээнд орох зэргээр орчин үеийн социализмын урт хугацааны зорилтыг үндсэндээ хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлсэн байна.

            Мөн батлан хамгаалах, цэргийн салбарын шинэчлэлийг түргэвчилж, шинэчлэлийн чанар, үр ашгийг дээшлүүлэх, үндэсний батлан хамгаалах болон эдийн засгийн хүчин чадлыг нэгэн зэрэг сайжруулан, үндэсний стратегийн нэгдсэн систем, чадавхыг бий болгохыг дэвшүүлжээ.   

Холбоотой мэдээ