Хятадын автомашин үйлдвэрлэл 11 хувиар, борлуулалт 12.5 хувиар өсжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-12 13:12:41

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос өнгөрсөн сарын тус улсын автомашин үйлдвэрлэлийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өчигдөр танилцууллаа.

            Тодруулбал, өнгөрсөн сард тус улс 2.552 сая автомашин үйлдвэрлэж, 2.573 сая автомашин борлуулсан байна. Улмаар автомашины үйлдвэрлэлийн тухайд өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 11 хувиар тус тус өссөн бол борлуулалтын тухайд өмнөх сарынхаас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.

            Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар тус улс нийт 19.519 сая автомашин үйлдвэрлэж, 19.699 сая автомашин борлуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэл 4.6 хувиар, борлуулалт 4.7 хувиар тус тус буурсан юм.

            Түүнчлэн 10-р сард шинэ эрчим хүчний эх үүсвэрт автомашины үйлдвэрлэл 167 мянга, борлуулалт 160 мянгад хүрч, хурдацтайгаар өсөж байна.

            Шинэ эрчим хүчний эх үүсвэрт автомашины үйлдвэрлэл болон борлуулалтыг оны эхний 10 сарын байдлаар авч үзэхэд, үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар буурч 914 мянга, борлуулалт 7.1 хувиар буурч 901 мянгад хүрчээ.

            Хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж, эдийн засагт эерэг хандлага гарч буйтай холбоотойгоор Хятадын автомашин үйлдвэрлэлийн салбарын нөхцөл байдал харьцангуй тогтворжих хандлагатай байгаа талаар тус холбооноос мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ