Бээжин хотын 1.9 сая гаруй иргэн коронавирусний вакцин хийлгээд байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-22 18:32:36

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар, Бээжин хотод коронавирусээр халдварлах эрсдэлтэй бүлгийн иргэдийг вакцинжуулах ажлын эхний тунг хийж дуусаад байгаа буюу нийтдээ 1.9 сая гаруй хүнд вакцины эхний тунг тарьсан байна.

            Өнөөдөр буюу 1-р сарын 22-ны өдрөөс эхлэн халдвар авах эрсдэлтэй бүлгийн иргэдэд вакцины хоёр дахь тунг хийж эхэлж байгаа бөгөөд энэ ажил 2 дугаар сарын 8-ны өдөр дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

             Халдвар авах эрсдэлтэй бүлгийн иргэд гэдэгт 18-аас 59-н насны хил, гааль, боомтын ажилтнууд, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний импортлох тээвэрлэх салбарын ажилтнууд, олон улсын бараа тээврийн ажилтнууд, гадаад улс орнууд руу ажиллаж, суралцахаар явагсад, эмнэлгийн салбарын ажилтнууд, олон нийтийн ажил эрхлэгчид, тээвэр ложистик, ахмад настны асрагчид зэрэг төрлийн иргэд багтаж байна.

            Бээжин хотын иргэдэд хэрэглэж буй вакцин нь дотоодод үйлдвэрлэсэн, вирусийг амьгүйжүүлж, идэвхгүйжүүлэх аргаар гарган авсан бөгөөд вакцины үр дүнг хамгийн сайн байлгахын тулд нэг хүнд 21-28 хоногийн зайтай хоёр тунг тарих заалттай. Харин хувь хүний хүсэлтийн дагуу үүнээс бага хугацаанд тарих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хамгийн багадаа 14 хоногийн зайтай тарьж болох юм.

         Албаны хүмүүсийн хэлж буйгаар, вакцинд хамрагдахад тохиромжгүй хүмүүст жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, халуурах, халдвар авах зэрэг бусад өвчний цочмог үе шатанд байгаа хүмүүс, дархлал хомсдол, дархлааны өвчтэй хүмүүс, элэг бөөрний архаг өвчтэй хүмүүс болон цусны даралт, чихрийн шижин, хавдрын өвчин нь эмийн аргаар дарагдах боломжгүй болсон хүмүүс зэрэг багтаж байна. Мөн 18-59 насны ангилалд багтаагүй иргэдийн хувьд эмнэлзүйн туршилтын илүү их мэдээлэл тодорхой болсны дараа вакцин хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ