"Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтэстэй хамтран “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 19-20-нд зохион байгуулав.
Тус сургалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлэхэд жишээ болохуйц бусад улсын сайн жишээ, сургамжийн талаар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын мэргэжилтнүүд танилцуулав. Мөн олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй ажил, эдийн засгийн коридорын менежментийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Сургалтад ГХЯ, Бангкокт суугаа ЭСЯ, ЗТХЯ, ҮХГ, ГЕГ, МХЕГ, УБТЗ ХНН, Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын алба, МУИС, “Монгол тээвэр нэгдэл”-ийн 50 төлөөлөгч оролцлоо.