Ой бүхий талбайг тэлэхийн тулд 2,5 сая га-д ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-26 15:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд ой бүхий талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэхээр  тусгасан. Үүний тулд 2,5 сая га талбайд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатайг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр салбарынхаа талаар танилцуулахдаа онцлов.


Тухайлбал, 37,7 сая шоо метр талбайг босоогоороо хатсан мод, 23,1 сая шоо метр талбайг унанги мод хамарч байгаа юм.


Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол орны ой нөхөн сэргэх бүрэн боломжтой гэж дүгнэжээ. Иймд эхний ээлжинд гадны нөлөөгүйгээр ойн экосистем өөрөө нөхөн үржих боломж бүрдүүлж,  байгалийн сэргэн ургалтад тусалж, нэг сая га талбайг хамгаална. Харин 306 мянган га талбайг зориудаар ойжуулан, 156 мянган га талбайд өсвөр модыг хамгаалж, энэ онд 245 мянган га талбайд хортон шавжийн устгал хийх аж.


“Монгол орны хувьд хортон шавж, түймэр, хууль бус мод бэлтгэлтэй холбоотой ойн доройтлын хүчин зүйл их бий. БОАЖЯ эдгээр хүчин зүйлийг бууруулахын тулд ХАН (Хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ) бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ойн түймэр, хортон шавж, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж, ойн нөөц, дагалдах баялгийн судалгаа, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн зохистой хэрэглэх, ойжуулах бодлогоор хангаж, модны үр, тарьц суулгацын хангамж бүрдүүлэхэд анхаарч байна. Ой бүхий талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэхийн тулд мод тарьж суулгаж, ургуулахад төсөл хөтөлбөр, аймгуудын БОАЖГ, ойн нөхөрлөлийн оролцоо, хамтын ажиллагаа чухал”-ыг тэрбээр ярив.


Ойн хэмжээг нэмэгдүүлснээр ойгоос ялгарах нүүрстөрөгчийн хийг 25 хувиар багасаж, ойн нүүрстөрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм. Мөн улсын хэмжээнд 2,9 сая га талбайн эмзэг болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал багасаж, ойн экосистем тэнцвэржих, цөлжилт багасах ач холбогдолтой.


Монгол Улсын нийт ойгоор бүрхэгдсэн талбай 7,9 хувь буюу 12,4 сая га-г, харин ойн сангийн талбай нь 11,9 хувь буюу 18,6 сая га-г хамардаг. Монгол орны ойг заган, шилмүүст, навчит гэж ангилдаг бөгөөд навчит шилмүүст ой 85, заган ой 15 хувийг эзэлдэг. Ойн салбар Монгол Улсын ДНБ-ий 0,5 хувийг бүрдүүлдэг аж

Холбоотой мэдээ