Эмч мэргэжилтнүүд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа зарим суманд ажиллалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-06 11:45:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа зарим суманд ажиллалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй “Халуун сэтгэл” багийнхан энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Түшиг суманд ажилласан байна. Тэд аймгийн Онцгой комиссын үүрэг даалгаврын хүрээнд суурин нэг, явуулын хоёр багаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. “Халуун сэтгэл” багийнхан энэ өдрүүдэд Түшиг сумын алслагдсан багийн малчин өрх айлуудад хүрч үйлчлэхээр нийтдээ 800 гаруй км замыг туулж, 80 орчим айл өрхийн 260 гаруй иргэнд үйлчилсэн байна. Багийн бүрэлдэхүүнд хүүхэд, эмэгтэйчүүд, дотор болон зүрх судас, сэтгэц, ЭХО мөн нүүдлийн эмийн сан зэрэг үйлчилгээгээр иргэдэд хүрчээ.  

Хөдөөгийн малчин өрхүүдийн хувьд сүүлийн жил гаруй хугацаанд төв суурин газрыг зорьж, эмнэлгийн цогц эмчилгээ үйлчилгээ авч чадаагүй байжээ.  

“Халуун сэтгэл” үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас салбарын эмч мэргэжилтнүүдтэй хамтран 11 дэх жилдээ ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байгаа ажээ.


 

Холбоотой мэдээ