Зүүн аймгуудын нутгаар өнөө шөнө хүчтэй шуурахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-14 17:42:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв, хойд бүсийн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж байна.

Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч эрс хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул малчид, тээвэрчид, тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Баруун бүсэд цахилгаан дамжуулах шугамын тулгуур унасныг босгохоор шуурхай баг ажиллаж байна. Дээрх ослын улмаас ОХУ-аас авдаг эрчим хүч тасалдаад байгаа тул Ховд, Баян-өлгий, Увс аймгийн төвийн хэрэглэгчдийг Дөргөний УЦС-аас эрчим хүчээр ханган ажиллаж байгаа талаар Баруун Бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас мэдээллээ.


Өнөө шөнө Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн өмнөд хэсэг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, хүчтэй цасан шуурга үргэлжлэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс онцгойлон анхааруулж байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ