АНУ, БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнууд уулзав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-19 11:28:14

Бээжин /МОНЦАМЭ/. Ж.Байдены Засгийн газар пүрэв гарагт БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтнуудтай нүүр тулсан анхны уулзалтаа хийв.

    Тодруулбал, АНУ-ын талын урилгаар талууд энэ пүрэв, баасан гаригуудад Аляскийн Анкориж хотод өндөр дээд түвшний уулзалтыг хийж байгаа юм.

Хятадын талаас Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн байнгын хорооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Саливан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.  

    Энэхүү уулзалтын өмнө АНУ-ын тал “БНХАУ-ын үйл хэрэг нь дэлхий нийтийн дэг журамд аюул учруулж байна хэмээн буруутгаж, АНУ холбоотнуудтайгаа нэг шугаманд зогсоно” гэдгээ илэрхийлээд байсан юм. Харин Хятадын тал “харилцан хүндэтгэлтэй хандаж, харилцан ашигтай ажиллах ёстой” гэдгийг онцолж байв.

    Уулзалтын үеэр Саливан хэлэхдээ, “бид зөрчил, маргааныг эрэлхийлэхгүй ба харин ширүүн өрсөлдөөнийг талархан хүлээж авна. Мөн үүний зэрэгцээ бид өөрийн зарчим, ард түмэн, найз нөхдийг хамгаалах байр сууриа тууштай баримталсаар байх болно” гэв.

    Харин Блинкен хэлэхдээ, “Хятад улсын Шинжаан, Хонконг, Тайваньд явуулж буй үйл ажиллагаа, АНУ руу чиглэсэн кибер халдлага болон АНУ-ын холбоотнуудад үзүүлж буй эдийн засгийн сүрдүүлэг зэрэг асуудалд маш их анхаарал хандуулж байна” гэдгээ илэрхийллээ. Түүний хувьд эдгээр үйл ажиллагаа нь дэлхий нийтийн тогтвортой байдал, зарчим, үндсэн дэг журамд аюул учруулна гэдгийг онцолсон.

    Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д өнгөт арьст иргэний амь насыг хохироосон явдлыг жишээ болгон дурдаад, АНУ-д хүний эрхийн асуудал хамгийн доод түвшинд хүртэл буурсан ба хоёр улс өөрсдийн дотоод асуудлуудаа зохицуулах ёстой гэв. Мөн тэрээр АНУ-д “хүйтэн дайны сэтгэлгээ”-гээ болон дайсагнасан хандлагаа зайлшгүй хаях ёстойг сануулав.

    Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад, АНУ-ын харилцаа зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх ёстой гэжээ.   

Холбоотой мэдээ