"НҮБ-аас Монгол Улсад олгох хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-19 15:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүн амыг дархлаажуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, НҮБ-аас бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах, хэрэгжилтийг хангахад салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар болон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад олгох хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн талаар санал солилцов.


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг сайшааж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.


Мөн талууд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн баярыг тэмдэглэх  төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ