Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Фатима Сумартай өнөөдөр цахим уулзалт хийв.
Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэх хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн сарын 31-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг онцолж, харилцан баяр хүргэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүрэг, тавигдсан болзолт нөхцөлүүдийг биелүүлж, Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн бэлтгэлийг хангаж ажилласныг тэмдэглэв. Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй сорилт, бэрхшээлүүд гарсан ч төлөвлөсөн хугацаандаа эхлүүлэх боломж бүрдсэнийг онцолж, энэ бүхний төлөө тууштай хамтран ажилласан АНУ-ын Засгийн газар, МСК-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.
Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Фатима Сумар гэрээ хүчин төгөлдөр болж байгаа нь Монгол, Америкийн харилцаанд тохиож буй чухал үйл явдал бөгөөд энэ нь хамтарч ажилласан бүх талын хүчин чармайлтын үр дүн болохыг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой энэхүү Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.