120 мянгатын иргэд чөлөөт цагаа тохилог орчинд өнгөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Захирагчийн Ажлын албанаас концессын гэрээгээр ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг тохижуулсан “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр иргэдэд хүлээлгэн өгөв.
2011 онд Нийслэлийн хот төлөвлөлтөөр дээрх газрыг барилгажуулахаар болсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсоныг албаныхан онцолсон юм.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: “120 мянгат өдрөөс өдөрт өнгө зүс орсоор байна. Цэцэрлэгт хүрээлэн маань залуус болздог, хөгшид нарладаг, хүүхдүүд тоглодог хайрын төгөл болохыг үгүйсгэхгүй. Мөн “Торгоны зам” хэмээх жингийн 5 тэмээ цувран алхаж буй баримал бий. Энэхүү барималыг өргөжүүлэн нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн 4 тэмээг барималчид нэмж урласан. Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой” гэв.
Хан-Уул дүүргийн оршин суугч Н.Дашцэрэн: “120 мянгатад 10 айл байхад манайх 11 дэх өрх болж нүүж ирсэн. Амьдралынхаа 50 жилийг энд өнгөрөөсний хувьд ногоон байгууламжийг авч үлдэх нь миний үүрэг байв. Тиймээс 2011 онд 120 мянгатын автобусны буудлын хойд талыг барилгажуулах шийдвэр гарч байсныг эсэргүүцэгчийн нэг байлаа. Үүний үр дүнд өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна” гэлээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Кон инженерс” компани хийж, “Монгол тохь” компани гүйцэтгэлийн дагуу усан оргилуур, байгалийн усан толиог байгуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчинд бүрдсэнд иргэд талархаж байв. Мөн хүүхэд багачуудад зориулсан унадаг дугуйн болон дугуйт тэшүүрийн зам талбайг ч барьжээ.Түүнчлэн энд дүүргийн түүхэн үйл явдал хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбарыг байршуулахаар төлөвлөсөн байна. Шинэчилсэн ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамал зэргийг шинээр тарьж, хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүд бий болгосон нь олны анхаарлыг ихэд татаж байв.
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд хурал цуглаан хийх талбай байгуулснаас гадна ирээдүйд худалдаа үйлчилгээний газрууд, нэгдсэн удирдлага бүхий өндөр хурдны интернэт, видео, аудио бичлэгийн студи гээд иргэдэд хэрэгцээтэй цогц үйлчилгээ үзүүлэх аж.
Г.Уранчимэг