Цар тахалтай тэмцэхэд олон талт механизмаар дамжуулан хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-07 10:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай энэ сарын 6-нд уулзав.


Уулзалтаар КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн хэрэгжүүлж буй ажил, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлыг аль нэг улс дан ганцаар бус, харин олон талт механизмаар дамжуулан нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байв. Мөн хоёр талын хамтын ажиллагаа улс орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэгтэйг талууд дурдлаа. Нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх, чингэхдээ хоёр улсын парламентын бүлгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Нийт 110 гаруй улсын Парламентын дарга нар Вена хотноо хуран цугларч буй Парламентын дарга нарын Дэлхийн V Бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар Австрийн Үндэсний Зөвлөл Ерөнхийлөгч Вольфганг Соботкад талархан баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тааламжтай цагт Монгол Улсад айлчлахыг урив.

Парламентын дарга нарын Бага хурлаар COVID-19 халдвартай тэмцэж буй бүх нийтийн үйл ажиллагаа, парламентуудын нээлттэй, ил тод, аюулгүй байдлыг хангах, парламентууд ба дэлхийн засаглал-тэдгээрийн хэрэгжүүлэх шаардлагатай хэтийн зорилтууд болон нэн ялангуяа цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Манай Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагч орны нэг юм.

Холбоотой мэдээ