Хуримтлалтай ирээдүйн төлөөх улсын төсөв
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. “Ирээдүйн өв сангийн
тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба
хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын
хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
“Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий
болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж
заасан. Иймээс байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг
нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг
ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн
болгож төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг улсын нэгдсэн төсвийн
бүрэлдэхүүнд оруулж, уг сангийн тухайн жилийн орлогын эх
үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар
төвлөрүүлэх зарчим барьж байгаа”
гэж Ерөнхий сайд Л.
Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган (2021-10-14)-ны нэгдсэн хуралдаанд 2022 оны
төсвийн төслийг танилцуулж, үг хэлэхдээ онцолжээ.
Монгол Улсын хүүхэд
бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар
даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн
дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас
суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны
хуримтлалаараа өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийх
боломжтой болох зохицуулалтыг ирэх онд бүрдүүлэхээр улсын төсийн төсөлд тусгажээ.
“Манай улсын хүн амын 80 хувь нь хүүхдийн мөнгөөр дамжуулан ямар нэг тусламж, дэмжлэг хүртэж байна. Амьжиргааны төвшин өндөртэй хүн амын 40 хувь нь хүүхдийн мөнгөөр дамжуулан халамжийн 28 хувийг хүртдэг ажээ. Иймээс нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглахаар төлөвлөж байгаа” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын чуулган (2021-10-14)-ний хуралдаанд хэлжээ.
Энэхүү зааглалтын хүрээнд халамжийн зарим
хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах
нөхцөл тавих зохицуулалт хийхээр болжээ.
Мөн байгалийн баялгийн
хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос
бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд
“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Засгийн газар үзжээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн
орлогыг нийт иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа
хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлэх юм байна.
Энэ талаар УИХ-ын чуулган (2021-10-14)-ны нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн асуултад гишүүн Сангийн сайд Б. Жавхлан “Ирэх онд хүүхдийн мөнгийг эхний хагас жил (2022 оны 7 дугаар сарын 1 хүртэл) бэлнээр нь олгоно. Харин түүнээс хойш 0-5 нас хүртэлх хүүхдийн мөнгийг бэлэн, 5-18 насны хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал хэлбэрээр олгоно гэж хариулсан байна. Түүний хариултаас үзвэл, Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болгохоор Засгийн газар төлөвлөжээ.
Иймээс байгалийн
баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй
болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай,
мэдлэг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх зорилго тавьсан байна. Энэ бол ирээдүйд өнөөдрөөс оруулж эхлэх
том хөрөнгө оруулалт байх болов уу? Тэгээд ч ирээдүй өнөөдрөөс
эхэлдэг гэж ярьдаг. Үүнээс авч үзвэл улсын
2022 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг нь хуримтлалтай ирээдүйн төлөө
Засгийн газрын авч хэрэгжүүлэх анхны алхам байх бололтой. УИХ улсын төсвийн төслийг дөрвөн удаа хэлэлцэж батлах үүрэгтэй.